Хиппо 2018 оны аварга - Б.Энхсувд

Өөрийнхөө талаар танилцуулна уу.

Намайг Энхсувд гэдэг. “Монгол Тэмүүлэл” сургуулийн 10 дугаар ангийн сурагч. Би Hippo олимпиадад 2018 онд оролцож байсан. Тэр үед 1 дүгээр сургуулийн 7 дугаар ангид сурдаг байлаа. Чөлөөт цагаараа дуу сонсож, кино үзэх дуртай.

Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.

Би англи хэлийг анх 7 настайдаа үзэж эхэлсэн. “Сант” сургуульд 2 дугаар ангиас нь эхэлж англи хэл заадаг. Энэ нь маш том давуу тал болсон ч өөрөө хичээж илүү сайжирч чадсан. Англи хэл сурахад хамгийн их нөлөөлсөн арга барил бол хадмал орчуулгатай кино үзэх. Би 10 настайдаа хадмал орчуулгатай кино үзэх хоббитой болсон. Кино үзсэнээр англи хэлний олон талын чадвар сайжирсан гэж боддог. Ялангуяа сонсгол, үгийн сан. Сайн төвлөрч үзвэл дүрмийн мэдлэг ч сайжирдаг. Өгүүлбэрийн бүтэц дээр анализ хийж боддог. Кино үзэх нь маш сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга юм. Олон хүмүүс яагаад үүнийг зөвлөдгийг тэр үед л ойлгосон. Хангалттай сайжраад ирэхээр англи хэл дээр ном уншихад ч амар болдог.

Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?

Hippo олимпиадад бэлдэхэд past paper чухал байдаг. Хамгийн гол нь өөрийн дутагдлыг олж харж, түүн дээрээ ажиллах. Би бэлдэхдээ past paper-ийг эхэлж ажиллаж байсан. Hippo уралдаанд ямархуу материал ирэх талын баримжаатай болж, хамгийн их дутагдалтай талуудаа сайжруулахыг хичээсэн. Мөн Hippo олимпиад нь ярианы шалгалттай. Тиймээс англи хэлтэй ахтайгаа хоорондоо англиар ярилцаж маш ихээр бэлдсэн. Зохион бичлэг олон дахин удаа бичиж шалгууснаар алдаагаа харж, засч сайжруулахад амар болсон. Боломжтой бол өөрөөсөө хэлийн мэдлэг сайтай хүнээс зөвлөгөө,  туслалцаа авбал сайн шүү.

Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл

Энэ олимпиадад оролцсондоо баяртай байна. Уралдаанд бэлдэж, оролцох явцдаа маш олон зүйлсийг сурч авсан. Гол нь түрүүлэхдээ биш, өөрийгөө сорих юм. Би анх хамгийн сайнаараа хичээж, дэлхийн бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад хаана явж байгаагаа мэдэхийг хүссэн юм. Өөрийгөө сүүлийн шатанд орох нь бүү хэл, түрүүлнэ гэж төсөөлөө ч үгүй байсан. Эхний байрт орсноо мэдээд маш их гайхширч, баярласан. Урьд өмнө нь хэзээ ч ийм том уралдаанд түрүүлж үзээгүй. Энэ тэмцээнд ороод маш олон найзтай болж, багагүй туршлага хуримтлуулсандаа би хамгийн их баярладаг. Hippo олимпиадад оролцсон үеэ би хэзээ ч мартахгүй.

Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх зөвлөгөө

Олимпиадад түрүүлэхийн тулд заавал хамгийн мундаг нь байх албагүй. Өмнө хэлснээр өөрийнхөө давуу талыг ашиглаж, дутагдалтай талыг олж харж, тэрэн дээрээ ажиллах нь чухал юм.  Ингэснээр би өөрийгөө 2018 оны Hippo 2 ангилалд ялагч болж чадсан гэж бодож байна.  Хасагдвал битгий сэтгэлээр унаарай. Оролцохдоо юу сурсан нь хамгийн гол нь юм шүү. Амжилт хүсье.