"Хиппо-2023" англи хэлний олон улсын олимпиадын дэлхийн аваргын шатанд Т.Мишээл мөнгөн медаль хүртлээ

“ХИППО – 2023” англи хэлний олон улсын олимпиадын дэлхийн аваргын шат 2023 оны 09 дүгээр сарын 27-30-ны хооронд Итали улсын Ром хотод зохион байгуулагдлаа. Тус олимпиадад энэ жил 61 орны 83,295 сурагч оролцсоноос хагас шигшээ шатанд 9889 сурагч оролцсон бол дэлхийн аваргын шатанд 223 сурагч оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 10 сурагч амжилттай оролцлоо. Нийт есөн төрөлд 223 сурагч өрсөлдсөнөөс “Hippo S10 “төрөлд Hobby School of Ulaanbaatar-ийн сурагч Түвшинбаяр овогтой Мишээл 89,39 оноогоор дэлхийн аваргын шатнаас мөнгөн медаль хүртлээ.

Т.Мишээл нь энэ оны 07 дугаар сард Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан хагас шигшээ шатанд “Hippo S10” төрөлд 01 дүгээр байр эзэлж, дэлхийн аварга шалгаруулах шатанд оролцох эрхээ авч байсан юм.

Дэлхийн аварга шалгаруулах шатанд "Hippo S10" төрөлд мөн өрсөлдсөн Б.Цэлмэг нь тавдугаар байрт шалгарсан бол “Little hippo” төрөлд өрсөлдсөн Б.Эрхцэцэн 15 дугаар байр, А. Ихбаяр 24 дүгээр байр, Ж.Итгэл 25 дугаар байрт тус, тус шалгарчээ.

“Hippo 1” төрөлд өрсөлдсөн Ш.Нандин 17 дугаар байр, Э.Марал 26 дугаар байр, Т.Энхзул 33 дугаар байр, А.Ангараг 42 дугаар байрт шалгарсан бол “S19” төрөлд өрсөлдсөн Т.Данзан дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг тус, тус үзүүлсэн байна.

ХИППО олимпиадыг зохион байгуулах хорооноос тус олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье.