Хиппо 2019 оны cүүлийн шатны оролцогч - Ө.Викториа

Өөрийнхөө талаар танилцуулна уу.

Намайг Викториа гэдэг. Би Хобби сургуулийн 6 дугаар ангийн сурагч. Би 2019  онд Англи хэлний Hippo олимпиадын сүүлийн шатанд шалгаран Итали улсруу явж, дэлхийн бусад орны сурагчидтай өрсөлдсөн.

Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.

Би бага байхдаа Англи хэл дээр кино үзэж англи хэлийг ойлгож эхлэсэн. Аав ээж 2 маань бас Англи хэлтэй байсан учир надад их заадаг байсан. 1 дүгээр ангидаа Хобби сургуульд элсэн орж Англи хэлийг улам сайн сурч эхлэсэн. 3 дугаар ангиасаа манай ангийн хүүхдүүд хоорондоо англиар ярьж эхлэсэн. Зарим зүйлээ сайн мэдэхгүй байсан ч багш нартайгаа, ангийнхантайгаа англиар байнга яриад байх нь хэл сайжрахад улам нөлөөлсөн.

Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?

Би Hippo олимпиадыг анх сонсоод аав, ээждээ оролцмоор байгаагаа хэлсэн. Надад хамгийн их таалагдсан нь сүүлийн шатанд тэнцсэн сурагчид Итали явж өрсөлдөх нь байсан. Тэгээд би өөртөө зорилго тавьж заавал Итали явна, амжиттай оролцмоор байна гэж аав ээждээ хэлсэн. Аав маань намайг их дэмжиж үргэлж яаж суралцах, яаж өрсөлдөх арга барилыг зааж өгдөг байсан. Манай сургуулийн Англи хэлний Цогцацрал багш намайг их дэмжиж, надад маш их тусласан, ангийн багш Өнөрдэлгэр, Аманда, Joseph багш нар маань бас тусласан. Би сургууль дээрээ хичээлийн дараа Цацаа багштайгаа TOEFL, Cambridge, Oxford-н номнуудаас унших, ярих, бичих, дүрмүүдээ бэлддэг байсан.

Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл

Англи хэлний Цогцацрал багш намайг финалд тэнцсэнийг хэлэхэд би итгээгүй, тэхдээ аймар их баярласан. Тэгээд өмнөх жилийн манай сургуулийн Hippo олимпиадад амжилттай оролцож байсан дээд ангийн эгчээс яаж бэлдэх, яаж амжилттай оролцох зэрэг зөвлөгөөг авсан. Италид очиход дэлхийн бусад олон орны мундаг сурагчидтай танилцаж, өрсөлдөж зөндөө их зүйлийг сурсан. Би өөртөө маш их итгэлтэй байсан. Миний ярих сонсох шалгалтын оноо сайн байсан, харин бичих дээрээ алдаа гаргаж бага оноогоор зөрсөн. Гэсэн ч би дараа жил дахиад оролцож энэ алдаагаа засаж, Hippo олимпиадад амжилт гаргана гээд өөртөө амласан байгаа. Олимпиадад оролцсон нь надад зөндөө туршлага болж хүн хичээвэл болдог юм байна гэдгийг би ойлгож авсан.

Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх зөвлөгөө

Англи хэлээ сайн давтаад сайн бэлдэх хэрэгтэй. Бас өөрөө өөртөө итгэх хэрэгтэй. Багш нар болон амжилт гаргасан хүмүүсээс үргэлж зөвлөгөө авч суралцаарай. Өөрийгөө чадахгүй болохгүй байна гэж айж, ичих хэрэггүй шүү. Амжилт хүсэе.